Monday, April 18, 2011

Нэр хаяггүй витамин хэрэглэсэн сүүлийн 14 жил


            
              Витаминжуулах аян гэж оюутан байхад ч тэр, дараа ч тэр сургууль дээр хэдэн хүмүүс витамин зараад зогсож байдгаас би дандаа витамин авч уудаг. Гэхдээ сайн мэддэгээрээ ‘C’ ‘A’ витамин л авч уудаг. Бодож харж дүгнэсний эцэст сүүлийн 14 жил хэрэглэсэн зарим витаминууд маань нэр, хаяггүй эсвэл бүдэгхэн байсныг нь би харалгүй юунд хэрэгтэйг нь мэдэлгүй уугаад л байж. 14 жил өнгөрлөө бас ч гэж удаан хугацаа. Аптек ороод витамин асуувал энийг уувал ийм юманд сайн гээд товч бөгөөд тодорхой хэлээд өгдөгсөн. Харин энэ витаминуудыг яагаад би асуугаагүйм болоо?? Яагаад хаяг аддресийг нь ч анхаарахгүй, асуух ч үгүй зүгээр л хэрэглэсийн болоо. Мэдээгүй хэрэглэсэн болхоор ч тэрүү үйлчилгээ нь их л тааруу байсныг одоо л ухаар ч байна. Зарим нэгийг нь арай их уудаг байлаа, гэхдээ надад хэрэгтэй гэдгийг нь ойлгосондоо биш амт нь арай л гайгүй санагдсан болхоор тэр.
 Энэ витамин бол боловсрол минь байлаа. Бүрэн дунд боловсролын 10 жил дээд боловсролын 4 жил өнгөрчээ. Туулж өнгөрсөн амьдралын минь талаас илүүг нь юунд хэрэгтэйгээ мэдэхгүй сураад л байж. Математик бол бүх шинжлэх ухааны хаан. Энэ үгийг хэн яагаад хэлсэнийг ч мэдэлгүй байж лаг үг хэмээн боддог байлаа. Арай түлхүү хэрэглэсэн витамин нь математик байсан юм. Математик гэдэг энэ хичээлийг 1-р ангиас эхлэн тоо, математик, алгебр гээд л шат дараалан үздэг. Миний л хувьд хамгийн дуртай, чаддаг хичээл минь байсансан. Гэтэл би тэрийг ойлгосондоо дуртай биш ямар бодлогон дээр ямар томьёо арга ашиглахаа жоохон гадарладаг болчихоод л дуртай байсан бололтой. Гэтэл одоо 14 жил өнгөрсөний дараа би өнөөх математик гээч юмыг юунд хэрэгтэйг нь ойлгож байх шиг байна. Суурь боловсролыг зүгээр ч нэг нэрлэчихээгүй бололтой. Тэрийг хүртэл одоо л ойлгож байна. Суурь бол суурь.Суурь л муу бол байшин барьхад тун хэцүү сууриа зассаар байгаад байшингаа барих хугацаагаа бараад дуусна. Зөвхөн математик гэлтгүй бусад хичээл ч ийм л чухал байсан байх. Одоохондоо шаардлага ч гараагүй учраас бусад хичээлээ ямар чухал байсныг хараахан ойлгоогүй л явна. Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрөөд хэрэггүй гэдэг шиг одоо нэгэнтээ өнгөрсөн зүйлд харамсаад юу гэхэв нэр хаяггүй витамин хэрэглэсээр олон жил өнгөрсөн ч одоо түүнээс их хугацааг витамин ууж өнгөрөөнө. Хаяг аддрессийг нь, юунд хэрэгтэйг нь тодруулаад үр дүнтэй сайн уунаа....

Saturday, March 26, 2011

Ничээ

            Амьдрал гэдэг хэзээ ч ялагдахгүй шатар гагцхүү ничэхийг л хичээх хэрэгтэй гэж нилээн хэдэн жилийн өмнө ах минь надад хэлж билээ. Нэртэй цуутай хүний хэлсэн үг эсэхийг мэдэхгүй ч би лав ахаасаа л сонссон. Тэр үедээ нээх тусгаж аваагүй юм шиг боловч одоог хүртэл мартдаггүйг бодвол нэг юм бодогдуулж байсан бололтой. Хүүхэд хөлд орж байхдаа тэнцэж ядан 2 гишгэсэндээ баярлан хөөрч бөгсөөрөө унахаараа өөртөө уурлахаа мэдэхгүй хүний буруу мэт уйлж айлгадагсан. Гэтэл хүн амьдралд ганц удаа хөлд ордоггүй юм шигээ. Хүн өөрт нь юм заах гэсэн цагийг ял мэт үзэж хүнийг биш мөнгийг харж нөхөрлөдөг нь өнөөгийн залуучуулын дийлэнх боловуу. Залуу нас гэдэг амьдралын хөлд орох их чухал үе гэдэг нь мэдрэгдэх боллоо. Өнөөгийн амьдралыг хараад байхад сайхан зүйлээс илүү муу нь л харагдах юм. Миний амьдралд байх 2 том давталт...
            Өглөө гарч өдөр ажил дээрээ очино компьютер ширтэнэ орой ирнэ, хоол иднэ компьютероо ширтэнэ унтана Өглөө гарч өдөр ....
            Ажлаа хийнэ цалингаа хүлээнэ, цалин буув өрөө дарна, үлдсэнийг нь өр тавихгүй үрэхийг хичээнэ,  хоолондоо дуусна,  өр тавина Ажлаа хийнэ цалингаа хүлээнэ.................
            Мэдээллийн технологи хөгжлөө л гэх юм. Хүн хүнээрээ л үлдсэн. Ер нь хөгжил гэдэг чинь уруудал гэсэн үг юм шиг санагдах боллоо. Компьютер гэдэг энэ ид шидтэй юм шиг боловч хорон муу зүйлийг нэг бодлын үзэн ядах шиг. Хүй нэгдлийн үед гэр бүл гэдэг ямар гоё байсан болоо бие биендээ халуун дотно үг хэлж, тэвэрч, харин одоо өөрийн хоолойгоор бус  хөгжил гээд байгаа агаар, кабелаар дамжсан цахилгаан дохиогоор гэр бүлийнхээ мэндийг мэдэлцэнэ,  зугаацахдаа хүртэл бие биентэйгээ байгал дэлхий дээр үнэгүй байх мод чулуугаар нааддаг байсан байх, харин одоо хүүхэд залуучуул нь 2 чихнээсээ утас дүүжлэн хөгшид ахмад нь зурагтны урд ухаангүй сууж, чөлөөт цагаараа компьютер балбаж эсвэл нүд эрээлжлэм гэрлэн дунд хэнгэрэг хагалам дууг сонсон таашаал аван суух юм. Хөгжиж байна хөгжиж байна л гэдэг хөгжлөө гээд яах юм? Урьд нь байсан амьдрал энэ хөгжил гээч зүйлүүдгүй байхад яаж болоод байсан юм бол?
            Нөгөө талаас зах зээл гээч нэг гайтай зүйл... хүн бүхний жаргалтай амьдралын түлхүүр нь бизнес болчихсон. Урьд нь улсын ажил хийдэг хүмүүс ямар нүүр бардам өөрөөрөө бахархан алхдаг байсан бол. Гэтэл одоо төсөвийн ажилтан нь жижгэрч архичин бэлтгэдэг дэлгүүрийн эзэд пээдгэр алхах юм.  Төсөвийн цалин гээч юмыг нь томхон компаний цэвэрлэгч авдаг болчихсон.  Хөөрхий муусайн төсөвийн ажилтан гээд хэлц мэт болчихсон үг, хэлэхэд хүртэл аманд эвтэйхэн. Мөрөөрөө ажил хийгээд амьдрах гэтэл цалин нь өдрийн хоолондоо сайхан таардаг. Илүүг идэе, өмсөж зүүе, эдлэж хэрэглэе гэвэл бизнес л хийх юм шиг. 10 жилийн хүүхдүүд дунд хүртэл гайгүй нэг нь муухан нэгэндээ тоо бодож өгч хоол авхуулах цаг үед би амьдарч байна.

            Энэ амьдралыг ганц би муу нүдээр хардаггүйээ сайхан зүйл их л байна. Гэхдээ төсөвийн ажлаараа хангалуун амьдарч, төрсөн хэдтэйгээ халуун дотно амьрахыг л хүснэ. Тэр үед л би амьдралтай ничсэн хэмээн бодно.

Saturday, March 19, 2011

Цэг тавих болжээ.


Би залхуу хойрог гахай.
Саяханаас өөрийгөө анзаарах нь ихсэх боллоо. Өөгүй хүн гэж байхгүй гэж өөрийгөө өмөөрөх гэтэл “өндөг биш гэдгээ мэддэг, өндөг шиг болохыг хичээдэг хүмүүс” өндөг байснаас ч илүү санагдах боллоо. Гэтэл би өөрийгөө хартал өө дутагдлаар дүүрэн өндөг болохыг ч хичээддэггүй тэнэг юм байна гэдгээ ухаарах боллоо. Саяхан нэг хүний мессенжэрийн статус дээрээс уншсан амьдрал бол голын урсгал гол хэзээ ч дээшээ урсдаггүй гэдэг шиг эргээд очих боломжгүй гэдгийг ухаарлаа. Миний хамгийн том дутагдал бол нэг хэвийн байдлаар удаан байхыг үнэхээр үзэн яддаг тийм хэмнэлээр байж ч чаддаггүй хүн юм байна. Аливаа зүйлийг эхлэж хийхдээ их идэвхитэй ч дорхноо л идэвхи нь буурчихдаг. Мөн цагт баригдсан ажлыг үзэн яддаг. Цаг нь тулах тусам нээрвээ барж худлаа үглэж суухаас цаашгүй. Харин одоо ингэж амьдрах нас биш юм шигээ. Гахай шиг залхуурч бэлэн хоол идэж засаж өгсөн шавар дээр нь өнхөрч хэвтэх цаг аяндаа ирнэ. Харин одоо бол би ихийг бүтээж эрдмийг сурах цаг.  Одоо миний хэр ихийг хийж бүтээх цаг заваа хэр үр бүтээлтэй өнгрөөх нь ирээдүйн минь жаргах цагийн хэмжүүр юм шигээ. Тиймээс энэ залхуу хойрог гахай шиг амьдралдаа цэг тавьж өөр амьдралыг ТОМ үсгээр эхлэхийг хүснэ.

Thursday, March 17, 2011

Цаг нь болоогүй учрал...


Чамайг ямар их санаваа. Чамгүйгээр хичнээн удсаныг ч би мэдэхгүй байна. Чамаас салах үедээ дахиад уулзахаа мэдэж байсан ч  ингэж их санана гэдгээ мэдсэнгүй. Ойрын хэд хоног надаас бусад хүмүүс хэдийнээ өөр өөрийхийгөө олжээ. Тэднийг харахаар гоё харагдсан тиймээс би өнөөдөр чамтай уулзсан гэвч цаг нь болоогүй учралын төлөө шаналах хэрэггүй гэдэг шиг чамтайгаа учрах болоогүй байжээ. Нар хүртэл элчгүй байна , чи намайг дулаацуулахгүй байна. Чамаас болж хоолой өвдөж байна.

Monday, March 14, 2011

Би чамдаа л хайртай.....



Анх би чиний тухай 6-р ангиасаа бодож эхэлж билээ. Их ч мөрөөдөж хүлээдэг байлаа. Чи минь надад ирсэн . Гэхдээ чи тэр үед царай зүс чадвар гээд л бүх зүйлээрээ мяа байждээ. Одоо бол өөр чи намайг өглөө сэрээж шөнө бүүвээлж, ганцаардахад минь хань болж, гуниглахад минь хүртэл намайг чи л хөгжөөдөг. Хаяа нэг гадуур явж оройтох үед гэрийхнийг минь чи л тайвшруулдаг. Чамтай л хамт явахгүй бол гэрийхэн минь уурладаг болсон. Чи хэдий надад ийм үнэнч байгаа ч чамаас гоё зөндөө их болжээ. Би чамайг зөндөө их тордовч чи минь дэндүү хөгширч дээ. Би чамтай хамт байхдаа дуртай байдаг ч би чамаас илүүг хүснэ.. Тэр чамаас илүү надад таалагдаж байна. Одоо би түүнийг хүсдэг болсон. Гэхдээ би чамд дургүй болсон гэсэн үг бишээ би чамдаа хайртай олон жил хань болсон миний л “5310”

Sunday, March 13, 2011

Удаан хүлээсэн автобус...

Би хүлээсэн. Энэ автобусыг их удаан хүлээсэн. Олон ч автобус өнгөрсөн гэхдээ миний хүлээсэн нь биш байсан. Харин одоо тэр ирчихсэн байна. Удаан хүлээсэн автобус намайг суулгахгүй гээд явах гээд байна. Би хаалгыг нь олон тогшсон , тэр онгойлгоогүй . Жолоочид би суумаар байна гэдгээ мэдэгдэж чадсан юм болов уу? Автобусанд олон хүн сууж, тэд буух цагтаа буух ёстой байдаг. Харин би энэ автобусанд суувал хэзээ ч буухгүй. Урьд нь олон хүн энэ автобусанд сууж буух цагтаа бууж зарим нь сууж чадахгүй өнгөрч байсан байхдаа.... Одоо надад ганцхан л боломж байна. Энэ автобусыг бүүр холдохоос нь өмнө урд нь гараад замыг нь хаагаад ч  хамаагүй даллаад зогсох үлдсэн. Гэхдээ намайг анзааралгүй, эсвэл анзаарсан ч тойроод явчих вий гэдгээс айж байна. Гэхдээ юу ч хийлгүй зогсохыг нь хүлээж зогссоноос хавьгүй дээр ... Хэрэв энэ автобус тойроод явбал би эргэлзээ байхгүй алхаад явна. Намайг хүлээсэн мэт хаалгаа дэлгэн зогссон автобус хүртэл алхана .. Гэхдээ би ядарна. Би ядартлаа алхахыг хүсэхгүй байна. Би энэ автобусыг л зогсоомоор байна. Би энэ автобусанд л суумаар байна. Түүнтэй хамт үүрд явмаар байна. Хэзээ ч буумааргүй байна. Би явуулмааргүй байна... Учир нь би чамайг удаан хүлээсэн....

Wednesday, March 9, 2011

Аргалын утаа нүүрсний утаа болох нь

Нүүрсний утаа боргилсон
Улаанбаатард төрсөн би
Өсөж төрсөн энэ хотоо
Өлгий минь гэж боддог

Хар манан суунаглан
Алсын барааг ширтээд
Цэлгэр сайхан хотоо
Сэтгэл гундаахан харна

Үлээж байгаа утаа нь
Үсдээд ч байгаа юм шиг
Өршөөлт ээжий минь гар
Алгадаад ч байгаа юм шиг

Эдлэж өссөн хотоо харахад
Элэг зүрх минь эмтэрч
Хар нүүрсний утаа
Хоёр нүдийг минь хорсгоно


Утаагүй гээд нүүрс түлэхгүй байвал
Улаанбаатарын минь тэн хагас хөлдөөд үхэх байлгүй.....